Шинэ үеийн тагнуулын байгууллагын үүсэл хөгжил ДХГ-ДЯЯ /1922-1936/

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсаны дараа хувьсгалыг удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар, Зөвлөлт Орос Улсын улаан армийн тагнуулын аргыг заалган Хиагт хотноо Ардын түр Засгийн газрыг байгуулмагц /1921 оны 3 дугаар сарын 21/ Цэргийн Явдлын Яаманд цэргийн тагнуулын албыг санаачлан байгуулж, өөрөө биечлэн удирдаж байснаас гадна Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан ЗОУ-ын тусгай албаны загвар хэлбэрээр 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын 28-р тогтоолоор шинэ үеийн улс төрийн тагнуулын байгууллагын эх үүсвэрийг “Дотоодыг хамгаалах газар” нэртэйгээр байгуулсан байдаг. Тус газар анх байгуулагдахдаа Нууц явдлын хэлтэс бүхий Үргэлж мэдээ хураах тагнуулын, Гүйцэтгэх, Ерөнхий гэсэн 3 тасаг, 14 ажилтантайгаар, зөвхөн сөрөх тагнуулын эрх, үүрэгтэй байжээ. 

Үргэлж мэдээ хураах тагнуулын тасаг нь тагнуулын мэдээг хураан ялгаж салгах, мэдээний хэргийг мөрдөн мөшгих, нууц зарлага эрхлэх, Гүйцэтгэх тасаг нь дагнан мөрдөн байцаалт эрхлэх, Ерөнхий тасаг нь сэмхэн нэвтрүүлэх бараа зүйлийг илрүүлэх, хязгаар нэвтэрч орж, гарагсдын зам явах бичиг олгох, захидал бичгийг хянан байцаах, тус газрын бичиг хэргийг хөтлөх үүрэгтэй байжээ.

Дотоодыг Хамгаалах Газрын анхны даргаар нь Дашийн Балдандорж, хэлтсийн даргаар К.К.Баторун нар томилогдон ажиллажээ.

Дотоодыг Хамгаалах Газрыг байгуулахаас өмнө улс төрийн тагнуулын зарим ажил, үүргийг Цэргийн тагнуулын хэлтэс, хотын комендант, Засгийн газрын төлөөний түшмэл, хязгаарын сайдуудаас тус тусын чиглэлээр эрхлэн гүйцэтгэж иржээ. 

1924 онд ДХГ-ыг Засгийн газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулж, тус газарт тагнуулын ажил явуулах эрх, үүргийг буй болгон, орон нутаг, хилд өөрсдийн салбар, нэгжүүдийг байгуулан өргөтгөн бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий тагнуулын байгууллага сонгодог утгаараа үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн билээ. Өөрөөр хэлбэл төвдөө 4 хэлтэс, орон нутагт 5 анги, хилд 6 ангитай болж, үйл ажиллагаа нь өргөжсөн юм.

Улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, гамин бароны цэрэгт алба хааж, дайсагнасан ажиллагаа явуулж байсан хүмүүсийг бүртгэн хянах, үйлдлийг илрүүлж, таслан зогсоох, гадаадын иргэдэд хяналт тавьж паспорт виз олгох, буу зэвсэг, дарь, тэсрэх, дэлбэрэх зүйл, хар тамхи худалдах, дээрэм, мөрийтэй тоглоом, албан тушаалын ба улсын хөрөнгө идэж ашиглах, үрэгдүүлэх зэрэг ноцтой гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож байв. 

Тухайлбал: 1922 онд Монгол орны баруун хязгаар нутгийг салгаж тусгаарлах гэсэн Дамбийжанцангийн хэрэг, 1923 онд Манжуураас нууцаар орж ирж цагааны цэргийн үлдэгдлийг цуглуулан төрийн эргэлт хийх гэсэн Очиров, Туванов нарын хэрэг, 923 онд Японоос цэрэг, зэвсгийн тусламж авч Ардын төрийг устгахаар санаархсан Цэрэнпил нарын хэрэг зэргийг дурдаж болохоор байна.

Түүнчлэн хөрш орнуудын байдал, тэдний тусгай албадаас манай орны эсрэг чиглүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл авахад чиглүүлж, хувьсгалын дараагаар Хятад руу нилээд олон хүнийг янз бүрийн халхавчаар мэдээлэл олох зорилгоор Ц.Ширнэндамдин, Ц.Дамбадорж, Д.Балдандорж, Н.Насанбат зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүдийг явуулж байжээ. Мөн гадаад тагнуулын чиглэлээр бусад байгууллагын халхавчин дор гадаадад гарган ажилласан олон шилдэг тагнуулчдын үйл ажиллагаа тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.

1932 онд тус газарт Цагдан сэргийлэх байгууллагыг харъяалуулж, 1933 оноос улсын хилийн хамгаалалтыг хариуцуулав.

Зүүнтний хэт хувьсгалч, алдаатай бодлого, үйл ажиллагаа нөгөөтэйгүүр гадаадаас явуулж байсан нөлөөлөл зэрэг нь ард олны зарим хэсэг нам, засгийн бодлогыг эсэргүүцэх, оргох, дүрвэн нүүхэд хүргэв. Нам засгийн бодлогыг эсэргүүцсэнээр эхэлж, улмаар аллага, хүчирхийлэл болж хувирсан бослогыг дарах, дүрвэгсдийн хөдөлгөөнийг зогсооход ДХГ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Улс орны гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдалд нийцүүлэн СнЗ-ийн 1933 оны 21 дүгээр хурлаар ДХГ-ын дүрмийг шинэчлэн баталж, “Дотоодыг Хамгаалах Ерөнхий Газар” гэж нэрлэн СнЗ-ийн дэргэд яамны эрхтэй байж, ерөнхий газрын даргыг Улсын Бага Хурлаас сонгох, орлогч дарга нарыг мөнхүү хурлаас томилох, албан хаагчид нь цэргийн байх, мөрдөн байцаалтын ажилд нь прокуророос хяналт тавихаар болгожээ.

ДХЕГ нь улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хөрш орны зүгээс манай улсын эсрэг явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээ олох, гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, төр, засгийн эсрэг хуйвалдааныг илрүүлэх, таслан зогсооход тагнуул, сөрөх тагнуулын ажлыг чиглүүлж, гүйцэтгэх ажлын тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байв. Гэвч ДХЕГ-ыг намын улс төрийн байгууллага болгон хувиргаж, Зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын эрх мэдэл хэтэрч, тус газрыг удирдан чиглүүлэх болсноор төрийн албан хаагч, жирийн ардууд, лам нарыг хэлмэгдүүлэхэд тус байгууллагыг татан оролцуулах болжээ.