ДЯЯ-Ц ба НАХЯ /1936-1955/

 Монгол Улсын дорнод хил түгшүүртэй болж, японы түрэмгийлэгчдээс тус улсын эсрэг өдөөн хатгалга нэмэгдсэнтэй  холбогдуулан Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 15 дугаар хурлын тогтоолоор ДХЕГ-ыг Дотоод Явдлын яам болгон өргөтгөж, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар, Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, захиргаа аж ахуйн хэрэг эрхлэх газар, Санхүүгийн хэрэг эрхлэх газартай болгожээ. Эдгээр байгууллагуудыг нэгэн удирдлагад төвлөрүүлснээр нийгмийн аюулгүй байдлыг сахиулах байгууллагуудын нэгдсэн систем бүрдсэн байна.

Тус яамны Улсыг Аюулаас Сахиж Хамгаалах Хэргийг Удирдах Ерөнхий Газар /УАСХХУЕГ/ нь тагнуулын ажлын зарим амжилт, үр дүнг удаан үргэлжлүүлж чадсангүй, иргэдийг үй олноор баривчлах, хорих зэргээр хэлмэгдүүлэлтийн ажилд татагдан оржээ. Улмаар 1937-1939 онд тагнуулын байгууллага нь хэлмэгдүүлэлтийн үндсэн зэвсэг болж, зөвлөлтийн сургагч нарын бүрэн хяналтад орсон байв.

Сөрөх тагнуулын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын арга орхигдож, баривчлах, мөрдөн байцаах, хүчээр хэрэг тулган хүлээлгэх хүчирхийллийн арга давамгайлах болсон байна. Хэлмэгдүүлэлт, хууль ёсыг завхруулж буй явдлыг шүүмжилсэн, эсэргүүцсэн, үүний эсрэг тэмцсэн албан хаагчид байсан ч тэд өөрсдөө энэхүү хэлмэгдүүлэлтийн золиос болсон юм.

Хэдийгээр үндсэн чиг үүргээсээ хазайсан, хэлмэгдүүлэлтэд өөрөө өртсөн боловч УАХХУЕГ нь Халхын голын байлдааны ялалтыг хангахад боломжоороо үүрэг гүйцэтгэн оролцжээ. Дэлхийн II дайны жилүүдэд тус байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн Японы зүгээс БНМАУ-ын эсрэг явуулж байгаа цэрэг-дайны бэлтгэлийг судлах, тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах ажиллагааг илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, эх орноосоо урвагчдыг баривчлах, байлдааны үед цэргийн командлалыг мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэж байв.

1945 оны чөлөөлөх дайны өмнө гүйцэтгэх ажлын нөхцөл байдлын судлах арга хэмжээ авсан бөгөөд Сүхбаатар, Дорноговь аймгийн чиглэлээр хилийн цаана судалгаа хийх 2 группийг гаргаснаас гадна мөн оны 8 дугаар сараас Улаанцав, Батхаалга, Шилийн гол, Баруун сөнөд, Долнуур, Манжуур, Хайлаарын чиглэлд 4 тусгай группүүдийг гаргаж, сураггүй болсон тагнуулч нараа эрэн сурвалжлах, халхын дүрвэгсдийг буцаан авчрах, цэрэг-армийн давшилтийн аюулгүй байдлыг хангах, дайсагнасан бүлэглэлийг устгах, нуугдан үлдсэн урвагчдыг олж илрүүлэх, ард олны санаа бодлыг судлах, ухуулга сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийж иржээ. 

Тус газар нь 1940-өөд оны дунд үеэс баруун хязгаарт бөөгнөрсөн гоминдааны цэрэг, тагнуулын ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, түүнчлэн гоминдааны хятадын эсрэг Шиньжан мужид өрнөсөн олон ястны эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжих, босогчидтой холбоо тогтоох, улмаар манай улсын баруун хязгаарт ард олныг түйвээх болсон И.Оспаныг баривчлах, устгах зорилгоор гүйцэтгэх ажлын арга хэмжээг зохион байгуулж байв.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол дахь Хятадын ардын чөлөөлөх армийн командлал, Өвөр Монголын өөртөө засах ардчилсан түр засгийн болон орон нутгийн зарим байгууллагатай холбоо тогтоон ажиллахын тулд радио холбоо бүхий хэд хэдэн бүлгийг Өвөр Монгол, Манжуурт тусгай халхавчаар суулгах болжээ. 

1949 оны 10 дугаар сард БНХАУ байгуулагдсанаар  төв Хятад, Манжуур, Өвөр Монголд зохиож байсан цэрэг-тагнуулын ажлыг зогсоосон юм.

Улмаар хязгаарын цэргийг ихээхэн цомхотгож, 1950 онд Гадаад тагнуулын газрыг татан буулгасан байна.

Дэлхийн II дайны дараа БНМАУ энхийн бүтээн байгуулалтад шилжихэд УАСХХУЕГ нь улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төр, засгийн бодлогод гүйцэтгэх ажлыг уялдуулан зохицуулж, хууль ёсыг гажуудуулж байсан явдлыг шалгах, дотоодын хяналтыг дээшлүүлэх, тооноос чанарт шилжихэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас УАХБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, аппаратыг цомхотгох, ажлын арга барилыг сайжруулахад чиглэсэн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байв. Удирдах ажилтны зөвлөгөөн тогтмолжиж, ажлын зохион байгуулалт, арга барилыг өөрчлөн шинэчлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж, түүний биелэлтийг төв, орон нутагт шалган дүгнэх болсон байна. 

Энэ үед УАХБ-ын эсэргүүцэн тагнах ажил нь гадаадын тусгай албадын тагнан турших үйл ажиллагааг илрүүлэх, улс хоршоолол, олон нийтийн өмчийг хамгаалах, хөдөлмөрчдийн санал сэтгэл, зан байдлыг судалж, нам, засгийн удирдлагыг улс төрийн мэдээллээр хангахад чиглэгдэж байв.

БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд хэлэлцэн тохиролцсоноор тус оронд ажиллах хүчний хэрэгцээ байгааг харгалзан японы олзлогдсон 12 мянган цэрэг, офицерыг БНМАУ-д шилжүүлэн ажиллуулахад УАСХХУЕГ нь олзлогдогсдын асуудал эрхлэх газартай хамтран энэхүү ажлыг зохион байгуулах, тэдгээрийн дунд гүйцэтгэх ажил зохиох үүрэг, зорилтыг хэрэгжүүлж ажиллажээ.

УАСХХУЕГ-ын дотоодод гүйцэтгэх ажил зохиож байсан Тусгай төлөөлөгчийн аппаратын үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургахад ихээхэн анхаарал тавьж, тэдний нийгмийн асуудлыг боломжийн хэрээр шийдвэрлэж, чиглэлийн ажилтнуудад англи, хятад, япон хэл заах болжээ.