ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН АХМАДЫН ХОЛБОО
НАХЯ-ны Намын хорооны товчооны гишүүдийн 1970 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын 21 дүгээр тогтоолоор НАХЯ-ны УАХЕГ-ын дэргэд “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний зөвлөл”-ийг байгуулсан нь тус Холбооны үндэс суурь болж, тагнуулын байгууллагын ахмадуудыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдгөө 48 жил болж байна.
 
Энэ хугацаанд тагнуулын байгууллагын ахмадын байгууллагыг дэслэгч генерал Б.Цэдэн-Иш /1970-1975/, дэд хурандаа Ө.Хөхөө /1975-1978/, хурандаа Л.Юндэндорж /1978-1985/, хурандаа Б.Ойдов /1985-1987/, хурандаа Д.Данаа /1987-1992/, хурандаа Д.Дорж /1992-2002/, хошууч генерал Ш.Нацагдорж /2002-2003/, хурандаа М.Пүрэвжав /2003-2009/, хурандаа Х.Загдрагчаа /2009-2017/ нар тус тус удирдан ажиллаж байв. Одоо тус Холбооны даргаар бэлтгэл дэд хурандаа П.Базаррагчаа сонгогдон ажиллаж байна.
 
Тус Холбоо нь тагнуулын байгууллагын ахмад ажилтнуудын санал, хүсэлтийг хүлээн авч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг ТЕГ-ын удирдлагад уламжлан шийдвэрлүүлэх, ахмад ажилтнуудын дунд биеийн тамирын уралдаан тэмцээн, тойрон аялал зэргийг зохион байгуулах, ахмадуудыг ТЕГ-ын “Ёл хад” нөхөн сэргээх төвд хөнгөлөлттэй үнээр амраах, Олон улсын ахмадын өдөр болон сар шинийн баяраар нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, мөнгөн болон буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Түүнчлэн ахмад ажилтнуудаа төр, засгийн шагналд тодорхойлох, ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэн үргэлжлүүлэх зорилгоор ахмад ажилтнуудтай уулзалт, ярилцлага зохион байгуулах, ахмадуудынхаа туулж өнгөрүүлсэн ажил, амьдралын түүх замналыг харуулсан баримтат кино, хөрөг нэвтрүүлэг, дурсамж, дурдатгалаар ном бүтээл хэвлүүлэх зэрэг ажлыг зохион явуулж байна.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-10-01 өдөр 17:32:5 цаг