ОХУ, БНХАУ, БНКАЗАХСТАН УЛСТАЙ “ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.
Сүүлийн жилүүдэд олон улсын терроризмын нөхцөл байдал хүндэрч, тэр дундаа “Исламын улс” тэргүүтэй террорист бүлгүүдийн идэвхтэй үйл ажиллагаа Ирак, Сири, БНТУ-ын газар нутгаас хальж 2014 оноос Европ, Ази, Африкийн улс орнууд руу хүрээгээ тэлж олон тооны халдлага, хүчирхийлэл үйлдэх боллоо.
 
“Гадаад террорист тэмцэгч” буюу эх орноо орхин тэдгээр террорист бүлэглэлд нэгдсэн этгээдүүд нутаг буцах, гуравдагч улс оронд нэвтрэн шургалах улмаар террорист гэмт хэрэг үйлдэх гэсэн санаархал хүчээ авч буй өнөө үед гадаадын төр, засгийн удирдлагын зүгээс энэхүү бодит аюул заналхийллээс сэргийлэхийн тулд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, дотооддоо нэгдсэн бодлого хэрэгжүүлэхийг онцолж байгаа нь манай улсын хувьд шинээр үүсч өөрчлөгдөж буй нөхцөлд шийдвэртэй арга хэмжээ авахыг цаг үе шаардаж байна. 
 
Монгол Улс террорист гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2010 онд “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай” Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, 2015 онд “Терроризм, экстремизмтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай” Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл болон ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц хоорондын протокол байгуулан ажиллаж байна. 
 
Зохицуулах зөвлөлөөс терроризмоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, мэдээ мэдээлэл солилцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс нэн тэргүүнд энэ онд багтан ОХУ, БНХАУ, БНКазахстан Улстай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр” байгуулахаар тохиролцоод байна.
 
Энэ ажлын хүрээнд ОХУ-аас “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хариу төслийг ирүүлээд байна. 
 
БНХАУ, БНКазахстан Улсуудтай дээрх хэлэлцээрийг энэ оны сүүлд тус тус байгуулахаар ажиллаж байна

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2018-10-05 өдөр 12:25:4 цаг