Баатар ван Н.Наваан-Юндэнгээс Маршал Х.Чойбалсанд бичсэн захидал

Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.

Баатар ван Н.Наваан-Юндэнгээс Маршал Х.Чойбалсанд бичсэн захидал:

1949 оны 10 дугаар сарын 20. 
Сайд танаа толилуулах нь:
Эдүгээ би энд ажилласаар дөрвөн сар шахам болов. Гадагш эрүүл агаарт гарахгүй хэзээ ямагт ганцаар суух зэрэг бэрхтэй хэцүү байдал байвч шүд зуун тэсвэрлэн өдөр хоногийг өнгөрөөсөөр өдийд хүрэв. Гэтэл одоодоо бие ихэд доройтон муудаж элдэв өвчинд нэрвэгдэн хөл гар татахаас эхлэн сүрхий хэцүү зовлон тохиолдох болжээ. Иймд өвчний шинж тэмдэг илэрч үзэгдсээр нэлээд удаж буй. Үүний нөгөөтэйгүүр сэтгэл санаа улам ч зовон энэлж цаашид тэсвэрлэн байх нөхцөлгүй болов. Ийнхүү зовон шаналж байснаас үхсэн минь дээр мэт санагдах юм. 
Би амьд суллагдан гарваас улс нийгэмд тустай хөдөлмөрийг хийж шудрагаар амьдран сурсан үзсэн эрдмийг эх орны бадран хөгжих их хэрэгт зориулахыг хүсэж хэзээд горьдон зүрхэндээ баясан байдаг юмсан. Гэтэл ийм зовлонд учирсныг үзвээс тийм сайн хувь заяа надад үгүй болов уу?. 
Миний хичнээн удаан хоригдон хөдөлмөрлөж буйг та удаа дараагийн өргөдөл гуйлтаас мэдэх бөгөөд хүн болж төрсөн хайран сайхан нас биеийг хоосон өнгөрүүлж үгүй болгохгүйсэн гэж би их л хүсэх юм. 
Хувьсгалт засгийн гүн өршөөлийг үзүүлэн үлдсэн ялыг хэлтрүүлж суллан тавихыг гуйсугай. 
Наваан-Юндэн.
Жич:  Энэ хэр миний биеийн дордсон байдлыг харгалзан ажилгүй цагт өдөр тутам гадагш явуулж байхыг гуйя. Эрүүл салхинд явах, гэр орныхонтойгоо уулзах, больницод очих, халуун усанд орох, хаяа кино театрт очих болвол их л сайн байна. 
Наваан-Юндэн.
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2019-04-05 өдөр 17:30:3 цаг